Tuesday, November 14, 2017

ЛЕКЦ№2. БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦАА

2.1. Бизнесийн эрх зүйн харилцааны тухай ойлголт, шинж
2.2. Бизнесийн эрх зүйн харилцааны элемент
2.1. БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ, ШИНЖ
Бизнесийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдан буй нийгмийн харилцааг энэхүү тусгай салбар эрх зүйн харилцаа гэнэ. Энэ бол хууль зүйн гол шалгуурыг үндэслэсэн тодорхойлолт. Уг харилцааг бодит агуулга, үндсэн шинжийн хувьд: Нэгд, ашгийн төлөө бараа үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхээс ("тэр явцад") бизнес эрхлэгчдийн өөр хооронд үүссэн харилцаа; Хоёрт, мөн явцад нэг талаас бизнес эрхлэгч, нөгөө талаас түүнд захиалагч, хэрэглэгчээр оролцогч бусад этгээд (иргэн, албан газар, байгууллага)-ийн хооронд үүссэн харилцаа; Гуравт, бизнесийг удирдах хийгээд засаг төрийн зохицуулалттай холбогдон үүссэн удирдлага, зохион байгуулалтын шинжтэй харилцаа гэж хуваан бүлэглэж болно. Эдгээр нь мэдээж тусдаа олон бичил харилцаа болно. Удирдлага, зохион байгуулалтын харилцаа гэж юу вэ? Бизнесийн харилцаанд эргэлзээ, маргаантай байгаа юм. Яагаад гэвэл бизнесийн эрх зүйг тодорхойлохдоо судлаачдын нэлээд нь «иргэний эрх зүйн дэд салбар болгох, нөгөө хэсэг нь «холимог цогцолбор» буюу иргэн, захиргаа хосолсон бие даасан тусгай салбар гэж үздэг байна. Иргэний эрх зүйд дэд хэсэг гэх мөртөө бүтэц тогтолцооны хувьд бизнесийн «төрийн удирдлага», «зохион байгуулалт»-ын гэх харилцааг энэхүү эрх зүйд чухал байр эзлүүлэн өгүүлдэг. Энэ мэт зөрчилтэй санаа, эргэлзээтэй асуудал бий. Тэгвэл бидний өгүүлэн буй бизнесийн удирдлага, зохион байгуулалтын шинжтэй (гурав дахь) бүлэг харилцаа нь юу вэ? Бизнесийн бүтцийг зохион байгуулж, удирдахгүйгээр түүнд төрийн хязгаартай оролцоо буюу зохицуулалт, ухаалаг дэмжлэггүйгээр уг ажил хэрэг урагшлах байтугай үүсч бүрэлдэхгүй мэт. Бизнес эрхлэхэд наанадаж: 1. Компани, нөхөрлөл, төрийн болон аймаг, сумын өмчийн нэгдмэл (унитари) үйлдвэрийн газар, тэдгээрийн дотоод бүтэц, салбар нэгж, улмаар нэгдлийг өөрчлөн байгуулах (нэгтгэх, нийлүүлэх, салгах, тусгаарлах, өөрчлөх); өмч хөрөнгийг захирч удирдах; бизнесээ төлөвлөгөөжүүлэх; 2. санхүү, бүртгэл, тайлан, тооцооны ажлыг зохион байгуулах; 3. бусадтай (дотоод, гадаад) түншлэх, хорших зэрэг аж ахуйн хэлхээ, холбоо тогтоон хөгжүүлэх хэрэгтэй болно. Менежмент (зохион байгуулалтын) ажил өөрөөр хэлбэл өөрийн сүлжээгээ зохион байгуулж удирдах шаардлага зайлшгүй билээ. Үүнээс гадна төрийн оролцоо, зохицуулалт гэж байна. Засаг төрийн байгууллага нь хууль, эрх зүйн зохих хэм хэмжээ тогтоон зохицуулах үнцсэн дээр татвар хураамжийн тогтолцоогоор хувийн секторын эдийн засгийн амьдралд хяналт тавьж, нөлөөлөх; нөөц хуваарилах замаар бизнест дэмжлэг үзүүлэх; шударга өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжиж, дангаар ноёрхлыг хязгаарлах; 4. улс нийгмийн аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн зэрэг нийгмийн ашиг сонирхлын үүднээс зарим төрлийн бизнесийг хязгаарлах, хориглох; 5. тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн дэглэм стандарт, зайлшгүй доод хязгаар, заавал баримтлах норматив (цалин хөлсний минимум тогтоох) зэргээр бизнест оролцон зохицуулна. Засаг төрийн энэхүү оролцоог хууль тогтоомжоор хязгаарлан нэгэнт журамласны учир түүний биелэлтэд хяналт тавьж, нэг талаар здийн засгийн эрх зүйн зөрчилтэй тэмцэх, арилгах, бизнес эрхлэгчдийн эрх, ашиг сонирхлыг хуулиар хамгаалагдахад арга буюу хүрнэ. Торгож шийтгэхэд ч хүрдэг. Энэ бүхнийг зөвхөн эрх тэгш байдлын үндсэн дээр бараа-мөнгөний солилцооны биш, бас хууль зүйн талаар захирамжлах эрх мэдлийг ашиглан хэрэгжүүлнэ. Бизнесийн эрх зүйн ном зохиолд "төрийн удирдлага, төрийн зохицуулалт" гэсэн бүлэг зүйл оруулан бичиж, үнэн магадтай үндэслэл гаргасаар ирсэн. Түүний дотор энэ харилцааг эдийн засгийн төдийгүй, «захиргааны аргаар» нөлөөлж зохицуулдгийг тэмдэглэсэн нь буй. Бизнесийн харилцаан дахь төрийн удирдлага нь төрөөс эдийн засгийг удирдах чиг үүргийн салшгүи хэсэг мөн... Бизнесийн удирдлага нь аж ахуйн амьдралд захиргааны аргаар нөлөөлж хэрэгждэг. (Т.Мөнхжаргал, Ц.Цолмон. Бизнесийн эрх зүй. УБ. 2000, 7-8 дахь тал) гэж өгүүлснийг зарим нэгэн санал тодотголтойгоор хүлээн зөвшөөрч болох юм. Хүнийн бизнесийг "төр удирдах" гэх бус, "зохицуулах, оролцох" гэсэн утгаар авч үзэх нь зүйтэй болов уу. Бизнесийн эрх зүйд нэгэнт «удирдлага», «захиргааны (дур зоргын биш, хууль зүйн шинжлэх ухааны) арга байгаа бол тэнд захиргааны эрх зүйн хэм хэмжээ болон засаглах аргын «оролцоо» байна гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс зайлахгүй мэт. Энд «давхардал» байж таарахгүй, нэг харилцааг нэг л хэм хэмжээгээр тохируулна. Харин тэр нь «холимог» шинжийн байхыг үгүйсгэхгүй болов уу. Иймийг л холимог салбар, төрөл хэсэг (институт) гэх ойлголт төрдөг. Түүнээс биш, хуулийн давхардал, хийдэл хоёрын алиныгч зөвшөөрч болохгүй билээ. Бодит байдал гэвэл ийм буюу аль ч тохиолдолд төрийн зохицуулалт, оролцоо нь хуулийн чанд хязгаарлалттай байх нь зарчим. Энд дур зоргын захиргаадалт биш, хууль зүйн талаар л засаглах бүрэн эрх үйлчлэх ёстой.
2.2. БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ХАРИЛЦААНЫ ЭЛЕМЕНТ
Бизнесийн эрх зүйн харилцаа нь бүрдүүлбэрийн хувьд: а. Объект б. Субъект в. Эрх, үүрэг гэсэн гурван элементээс бүрдэнэ.
а. Объект: Бизнес эрхлэгчдийн субъектив эрх, хууль зүйн үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь ашиг олохуйц тодорхой үр дүнд хүрэх буюу эдийн болон эдийн бус баялгийг олж авах, бүтээхэд чиглэнэ. Ийнхүү бизнесийн үйл ажиллагаа чиглэж буй зүйлсийг буюу түүнийг олж авах, бий болгох үйл явцыг бизнесийн эрх зүйн харилцааны объект гэнэ. Байгалийн байдлаараа байгаа болон хувийн үйл ажиллагаагаар бий болгосон эдийн баялгийг эд юм гэнэ. Эд юмсад хатуу, шингэн, хийн бүх хэлбэрээр оршин байгаа биет эд хөрөнгө, мөнгө, үнэт цаас, тухайлан олж авсан эд хөрөнгийн эрх ордог. Эд хөрөнгийг бий болгох үйл явцыг бараа үйлдвэрлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх гэдэг. Энэ утгаар бизнесийн харилцааны үндсэн объект нь: · бараа үйлдвэрлэх, · ажил гүйцэтгэх, · үйлчилгээ үзүүлэх үйл явц мөн гэж болно. Бизнесийн эрх зүйн харилцаан дахь эдийн бус баялаг гэдэгт: · оюуны бүтээл, түүний дотор аж үйлдвэрийн өмч; · ажил хэргийн нэр хүнд, бизнесийн нууц зэрэг эдийн бус харилцааны зүйлс орно; · сургалтын, эмнэлгийн, даатгалын зэрэг зарим төрлийн үйлчилгээг мөн эдийн бус баялагт хамааруулдаг. Орчин үед мэдээллийг иргэний эрх зүйн объект гэж ангилах болсон бөгөөд түүнийг бизнесийн харилцаанд буюу ашиг олохоор эзэмшин, ашиглаж байгаа утгаар нь энэ эрх зүйн харилцаанд объект хэмээн ойлгож болно. Жишээлбэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээр төлбөртэй, шууд дамжуулж буй бүх зар мэдээ.
б. Субъект: Өгүүлэн буй харилцаанд хоёр буюу үнэмлэхүй хийгээд харьцангуй олон талын оролцогч байна. Тэдгээрийг эрх зүйн ерөнхий субьект хэмээн нэрлэж болно. Харин "бизнес"-ийн гэвэл нэг өөр хэрэг. Учир нь бизнесийн эрх зүйн харилцаанд аль нэг тал заавал бизнес эрхлэгч байх онцлогтой бөгөөд түүнийг л бизнесийн эрх зүйн субъект гэж ойлгоно. Бусад нь оролцогч гэж болох юм. Бизнес эрхлэгч гэдгийг субъект гэсэн утгаар тайлбарлахдаа:ипиваа нэгэн хуулийн этгээдийг бүгдийг нь бус, зөвхөн тодорхойрилгоор үйлдвэрлэл, үйлчилгээ байнга эрхэлж, ашиг, орлого хуримтлал бий болгож түүндээ тулгуурлан нөхөн өргөтгөсөн үйлдвэрлэл явуулдаг субъект гэсэн нь оновчтой юм. Субъектыг: · Бизнесийн байгууллага буюу хуулийн этгээд; · Бизнес эрхлэгч хувь хүн гэж хоёр хэсэгт хувааж үзнэ. Бизнесийн байгууллага бол «аж ахуйн нэгж»-ээс гадна ашгийн төлөө бүх хэлбэрийн өмчийн албан газар, байгууллагыг хамарсан нарийн түвэгтэй сүлжээ мөн. Энд маргаантай асуудал ч бийг зөвхөн дурдаж үлдээе! Маргаангүй нь · Компани (ХК, ХХК) · Нөхөрлөл юм. "Хоршоо"-г Иргэний хуульд ашгийн төлөө биш хуулийн этгээд гэсэн хэдий ч хэрэг дээрээ ашиг олох зорилгод захирагдмал байгаа нь илт юм. Жишээ нь: Санхүү-зээлийн хоршоо нь мөнгө «хүүлж» байгааг хэрхэн ойлгох вэ гэдгийг судлууштай. Эдгээрээс гадна төрийн болон орон нутгийн (100%-ийн) өмчийн үйлдвэрийн газар байх, байж болох бөгөөд түүнийг нэгдмэл үйлдвэрийн газар гэдэг бөгөөд тэр нь Монгол Улсын төрийн ба нутгийн өмчийн тухай хууль (1996)-ийн 17 дугаар зүйл, Иргэний болон бусад хуульд заасны дагуу ашгийн төлөө эд хөрөнгийн харилцаанд орж, төрийн удирдлагын дор бизнес эрхэлж болно. "Аж ахуйн нэгж" гэх ерөнхий нэрэнд хуулиар хамааруулаагүй боловч арилжааны банк, хөрөнгийн бирж, төрөл бүрийн төлбөрт үйлчилгээ эрхэлдэг товчоо, төв, буяны бус сан (сан хөмрөг биш байгууллага) зэрэг ашгийн төлөө бүтцийн олон төрөл зүйл буй. Тэдгээр нь улсын бүртгэлийн гэрчилгээ, заримдаа тусгай зөвшөөрөлтэйгээр ажил. үйлчилгээг байнга буюу тогтвортой эрхэлж, ашиг хуримтлуулж, үйлчилгээгээ өргөжүүлж байдаг. Энэ нь эзнийхээ хэрэгцээг хангаг төдий биш учир бизнест хамаарна. Ашгийн төлөө ажил, үйлчилгээг хэрэв хувь хүн өөрийн нмр дээр дангаар эрхэлж буй бол "иргэний", харин "хуулийн этгээд" байгуулан эрхэлж буй бол бизнесийн байгууллага хэмээнэ. Хуулийн этгээд болгон бизнесийнх биш боловч бизнесийн эрх зүйн субъект болох тэр хэсэг нь Иргэний хуульд тодорхойлсноор: · өмчлөлдөө буюу захиран зарцуулах эрхэндээ тусгайлсан эд хөрөнгөтэй; · эрх зүйн чадамжтай (өөрөө эрх олж, үүрэг хүлээх); + бие даасан эдийн хариуцлага хүлээх чадвартай (нэхэмжлэгч, хариуцагч байж чадах); · тодорхой зорилго бүхий тогтвортой ажиллагаа эрхэлдэг; зохион байгуулалтын нэгдэлтэй байх гэсэн гол шалгуур хангасан байх ёстой. Үүний дээр ашгийн төлөө, зөвшөөрөгдсөн, мэргэшсэн үйл ажиллагаа тогтвортой эрхэлдэг байх шалгуур бий.
в. Бизнесийн эрх зүйн харилцааны эдийн засгийн агуулга нь эрхэлж буй үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний мянга мянган төрөл зүйлээр тодорхойлогдоно. Гэхдээ эрх зүйн харилцаа болохын хувьд уг харилцаа нь бизнес эрхлэгч, хийгээд бусад оролцогчдын эрх, үүргийн хэлхээ холбоо юм. Түүнийг уг харилцааны хууль зүйн агуулга гэж болно. Бизнес эрхлэгч нь: · үйл ажиллагаандаа хуулийг чанд сахих; · гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх; · хуулиар топгоосноор тайлан мэдээгээ нийтэлж, зохих газарт илгээж байх; · татвар төлөх; · гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн дутууг болон хохирлыг нөхөн төлөх; · гаргасан зөрчлийнхөө төлөө хариуцлага хүлээх зэрэг үүрэгтэй байна.

Мөн тэр харилцаанд оролцогч талууд нь: · бэлтгэн нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авч борлуулах, ажил гүйцэтгэх, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх зэрэг гэрээт үүргээ зохих ёсоор биелүүлж буй эсэхэд харилцан хяналт тавих, · тийнхүү биелүүлэхийг шаардах · гомдлын шаардлага гаргах, · зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгож, учирсан хохирлыг нөхөн телүүлэхээр арбитр, шүүхэд хандаж, эрх, ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах зэрэг олон зүйл, эрхийг хууль болон гэрээний дагуу эдэлнэ. Эрх тэгш харилцаанд бол талуудын эрх, үүрэг тэнцэлтэй байна. Харин бизнесийн төрийн зохицуулалттай холбоотой босоо тэнхлэгт харилцаанд талуудын эрх, үүрэг хууль зүйн хувьд "зааглах", захирагдах элементийг хязгаартай боловч агуулсан онцлогтой байдаг. 

ЛЕКЦ№1 БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙ

1.1. Бизнесийн эрх зүйн ойлголт
1.2. Бизнесийн эрх зүйн систем, зарчим, эх сурвалж
1.1. БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН ОЙЛГОЛТ
Нийгмийн амьдралын түүхэн замналыг эргэн ажиглавал хүн материал баялгийг тасралтгүй үйлдвэрлэж хэрэглэсээр ирсэн байна. Их сэтгэгч К.Маркс “нийгэм хэрэглэхгүй байж болохгүй учраас үйлдвэрлэхгүй байж болдоггүй” гэж бичсэн нь үйлдвэрлэл, хэрэглээ гэсэн хоёр үйл явц салшгүй холбоотойн зэрэгцээ тасралтгүй өсөж хөгжиж байдаг зүй тогтолыг илэрхийлсэн хэрэг юм. Нийгмийн эрэлт, хэрэгцээ хязгааргүй бөгөөд түүний байнга өсөж нэмэгдэхийг хирээр үйлдвэрлэл ч мөн тэр аясыг даган өөрчлөгдөн хөгждөг жамтай юм . Өнөөдрийн улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн дүр төрөх, чиг хандлагыг бүхэлд нь авч үзвэл гурван хэсэгт хувааж болох мэт. Үүнд:
1. Чөлөөт зах зээлийн хөгжлийн урт удаан бартаат замаар аажим явсаар төрийн удирдлага, зохицуулалттай зах зээлд шилжиж, орчин үед өндөр хөгжилтэйд тооцогдож буй орон байна.
 2. Дээрх замыг сонгон авч, тэдгээр орны хөгжлийг жишигт хүрэхийн төлөө нийгэм, эдийн засгийн зорилго, зорилтоо тодорхойлон замнаж яваа Ази, Африк, Латин Америкийн олон орныг нэрлэж болно.
3.Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн тогтолцооноос зах зээлийн харилцаанд шилжиж буй социалист системийн гэгдэж байсан орнууд байна. Монгол орон энэхүү замыг сонгож эдийн засаг, эрх зүйн шинэчлэлээ хийж байна. ”Бизнес” хэмээх үгийн утга: Үг бүр цаанаа утгыг агуулсан байдаг. “Бизнес” гэдэг үг аж ахуйг эрхлэх арга ухаан, онол сэтгэлгээний агуулгыг илэрхийлж буй дэлхий нийтийн түгээмэл нэр томъёо юм. Бизнес гэдэг нь аж ахуйг үр ашигтай эрхлэх гэсэн утга бүхий Англи гаралтай үг бөгөөд энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, ашиг, хуримтлал, үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт г.м олон ухагдахууныг өөртөө багтаасан өргөн ойлголт болно. Хэрэв бизнес гэдэг нь аж ахуйг эрхлэх ухаан юм бол монгол газар нутагт өмчийн харилцаа, хөдөлмөрийн хуваарь үүссэн тэр цаг үеэс бизнес хийх ухаан үүссэн байна. Энэ нь монголчуудын аж ахуйг эрхлэх уламжлалт арга, зан заншил, шашин шүтлэг, соёл боловсролын гүнд үүсэж жинхэнэ монгол хувилбартай хөгжиж иржээ. Энэ утгаар нь бизнес гэдэг үгийг аж ахуйг эрхлэх ухаан гэж эх хэлнээ хөрвүүлж болох боловч нэгэнт дэлхийн олон орон өөрийн эх хэлэнд буулгалгүй шууд авч хэрэглэсээр өнөөдөр олон улсын чанартай нэр томъёо болсныг харгалзан орчуулалгүй тэр хэвээр нь хэрэглэх нь зүйд нийцэх болов уу хэмээн үзнэ. Бизнес эрхлэх явцад олон чиглэл, талтай, тэгсэн атлаа бүхэлд нь авч үзвэл нэг төрлийн харилцаа үүсэх бөгөөд үүнийг бизнесийн харилцаа гэнэ. Бизнесийн харилцааг төрийн хууль тогтоомжоор зохицуулахаар бизнесийн эрх зүй гэсэн шинжлэх ухааны бие даасан ойлголт бий болно. Бизнесийн эрх зүй гэж бизнесийн харилцааг зохицуулж байгаа эрх зүйн хэм хэмжээний нийлцэр цогц юм. Бизнесийн эрх зүйн харилцаа гэдэг нь бизнесийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцааг хэлнэ. Бизнесийн эрх зүйн харилцаа нь: 1. бизнес эрхлэгч иргэдийн хороонд 2. бизнесийн байгууллагуудын хороонд 3. бизнес эрхлэгч иргэн, байгууллагын хороонд 4. бизнесийн байгууллага, иргэн, төрийн хороонд 5. манай үндэсний бизнес эрхлэгч иргэн байгуулага, гадаад /хилийн чанад болон манай нутагт орших/-ын байгууллага, иргэдийн хороонд тус тус үүсдэг. Бизнесийн эрх зүйн харилцааны онцлог шинж нь: v Бизнесийн эрх зүйн харилцаанд оролцогчид харилцан тэгш эрхийн зарчимд тулгуурлан оролцоно. v Бизнесийн эрх зүйн харилцааны субьектийн зорилго нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсний эцэст тодорхой ашиг, орлого олохын төлөө байна. v Бизнесийн эрх зүйн харилцааны субьекийн үйл ажиллагаа нь байнгын тогтвортой байдаг. v Бизнесийн эрх зүйн харилцаа өөртөө төрийн хамгаалалтын арга, хэлбэрийг агуулсан байна. Бизнесийн эрх зүй нь бие даасан болон цогцолбор /комплексный/ эрх зүй биш, иргэний эрх зүйн нэгэн дэд салбар юм. Иргэний эрх зүй нь зохицуулах нийгмийн харилцааны цар хүрээ, сэдвийн төрөл, чиглэлээс хамаарч өмчийн, үүргийн, өв залгамжлалын, бизнесийн г.м дэд салбаруудад хуваагддаг. Бизнесийн харилцаа нь иргэний эрх зүйн зохицуулах зүйл болох эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус болон зохион байгуулалтын харилцааы нэг хэсэг болно. Өөрөө хэлбэл бизнесийн эрх зүй нь бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж тэдгээрийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтын арга, хэлбэрийг гүнзгийрүүлэн авч үзэж судлана. Бизнесийн эрх зүйн зохицуулах зүйл гэж бизнесийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдаж байгаа нийгмийн тодорхой төрлийн харилцааг хэлнэ. Бизнесийн эрх зүйн зохицуулалтын арга гэж бизнесийн эрх зүйн харилцаанд оролцогчдод нөлөөлж байгаа хууль зүйн хэрэгсэл, арга барилын нийлбэр цогцыг хэлнэ. Бизнесийн эрх зүйн харилцаанд оролцогчид нь харилцан зөвшилцөж хамтын үйл ажиллагаа эрхлэх ба энэ нь зөвшилцлийн буюу диспозитив аргаар илэрнэ. Харин шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах явцад төрөөс албадлага хэрэглэх ба императив буюу захирамжлах аргыг хэрэглэнэ
 1.2.БИЗНЕСИЙН ЭРХ ЗҮЙН СИСТЕМ, ЗАРЧИМ, ҮҮРЭГ

Бизнесийн эрх зүйн нь харьцангуй бие даасан, хоорондоо уялдаа, холбоотой эрэмбэ дараалал бүхий, бүлэг, зүйл хэсгүүдээс бүрдсэн системтэй байна. Энэхүү систем нь сургалт, танин мэдэхүйн хэрэгцээ шаардлагад зохицсон байх ёстой. Систем нь: 1.Бизнесийн эрх зүйн ойлголт, зарчим, систем 2. Бизнесийн эрх зүйн харилцаа, түүний онцлог 3. Бизнесийн эрх зүйн харилцааны субьект 4. Аж ахуйг удирдах арга, эрх зүйн зохицуулалтын хэлбэр 5. Бизнесийн байгууллага, тэдгээрийн төрөл /нөхөрлөл, хоршоо, компани г.м/ 6. Өрсөлдөөн 7. Аж ахуйн нэгжийн дампуурал 8. Үнэт цаас, түүний төрөл 
Бизнесийн эрх зүйн зарчим. 
Бизнесийн эрх зүй нь иргэний эрх зүйн зарчмыг удирдлага болгохын сацуу өөртөө баримтлах зарчимтай. Тэрхүү зарчим нь: · Бизнес эрхлэх нь сайн дурын зарчимд үндэслэнэ. Иргэн хэний ч ятгалга зааваргүйгээр ямар ч төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг аж ахуйн нэгж байгуулах буюу байгуулахгүйгээр эрхлэх эрхтэй. · Үйлдвэрлэл зах зээлээ чөлөөтэй сонгох зарчимтай. Энэ нь бизнесмен юу үйлдвэрлэх нь бус, хэнд зориулж юу үйлдвэрлэх нь чухал гэсэн зах зээлийн эдийн засгийн амьдралаас урган гарч буй зарчим болно. · Төлөвлөгөөт зарчим. Бизнесменүүд эрхлэх аж ахуйн хэтийн хөгжлийг урьдчилан тооцоолж хэлбэржүүлсэн төлөвлөгөөгүйгээр хөтлөх аргагүй юм. · Төрийн хуулийг хүндэтгэж, түүнийг сахин биелүүлэх зарчимтай. Хууль ёсны зарчим ч гэж нэрлэдэг. Бизнесменүүд төрийн хуулийг биелүүлэх гэдэг нь нэг талаар зарчим, нөгөө талаар үүрэг болж байдаг онцлогтой. Бизнесийн хууль тогтоомжууд бүхэлдээ бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа, үзэл бодлын чиглэмж, зөвлөмж болохын хувьд зарчим, харин заавал биелүүлэх, үл биелүүлбэл хариуцлага оногдуулах хэм хэмжээг агуулснаараа үүрэг болно гэсэн үг. Бизнесийн эрх зүйн үүрэг. · Бизнесийн эрх зүй нь нийгмийн харилцааг боловсронгуй болгох үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн харилцаа нь нийгмийн харилцааны нэгэн хэсэг бөгөөд бизнесийн олон талт ажиллагааг ардчилал, зах зээлийн нөхцөлд зүй зохиостой зохицуулж чадсанаар улс орны эдийн засаг, эцийн бүлэгт нийгмийн амьдралыг төгөлдөржүүлэх үүрэгтэй байна. · Бизнесийн эрх зүй аж ахуйн амьдралд шалгарч гарсан дэвшилтэд арга, хэлбэр, үзэгдэл юмсыг бататган бэхжүүлэх, болзошгүй сөрөг нөлөө, үр дагавараас урьдчилан сэргийлэх, хэрэв гарвал түүнийг засаж залруулах үүрэгтэй. · Бизнесменүүдийн эрхийг хамгаалах үүрэгтэй. Энэ нь бизнес эрхлээгүй бусад субьектээс бизнес эрхлэгчийн эрхийг илүүтэйд үзнэ гэсэн хэрэг биш, бизнес хийх эрх зүйн таатай нөхцөл, орчинг бүрдүүлэх, тэдний эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус зөрчигдсөн эрхийг хуульд заасан арга, хэлбэрээр хамгаална. Бизнесийн эрх зүйн эх сурвалж гэж бизнесийн эрх зүйн хэм хэмжээний илрэн гарах гадаад хэлбэрийг хэлнэ. Бизнесийн эрх зүйн эх сурвалжийг хууль зүйн хүчин чадлаар нь үндсэн, гол, бусад эх сурвалж гэж ангилна. Үндсэн эх сурвалж нь Монгол Улсын Үндсэн хууль бөгөөд хүний эрх, эрх чөлөө, зах зээлийн чөлөөт эдийн засгийн хэлбэр, төрөөс иргэн, аж ахуй нэгжийн өмчийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын үндсийг хуульчилж өгсөн байдаг. Гол эх сурвалжилд бизнесийн эрх зүйн тухайн төрлийн харилцааг зохицуулж байгаа хуулиуд хамаарна. Жишээ нь: Хоршооны тухай хууль, Нөхөрлөлийн тухай хууль, Компанийн тухай хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Үнэт цаасны тухай хууль гэх мэт. Бусад эх сурвалжид хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс тогтоосон буюу баталсан эрх зүйн /дүрэм, журам, тушаал, заавар/ актууд хамаарна.